P2010-01-10 - Нэрийн хуудас

Ажил хэрэгч хүмүүсийн хоорондын харилцааны салшгүй нэгэн хэсэг бол нэрийн хуудас юм. Түүнийг дэлхий нийтээр эдийн засаг, улс төр, соёл урлагийн бүхий л түвшинд өргөн хэрэглэж байна. Нэрийн хуудсыг хувийн болон албаны эчнээ харьцаа бий болгох, тухайн хүний товч танилцуулга, тодорхойлолт, зуучлах бичиг, урилга, бэлэг дурсгалын хэлбэрээр ашиглах бөгөөд мөн баяр хүргэх, эмгэнэл илэрхийлэх, болзоо товлох зэргээр ч хэрэглэдэг ёс бий.

          Нэрийн хуудас нь харьцангуй зардал багатай ч үр дүн сайтай зар сурталчилгааны нэг хэлбэр тул таны бизнесийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзвэл зохино. Таны нэрийн хуудсыг авсан хүн даруйхан утасдахгүй ч байж болно. Гагцхүү өөрийнхөө хэрэг болох цагийг хүлээн, таныг олох эн тэргүүний хөтөч болон түүнд хадгалагдах болно гэдэгт Итгэлтэй байж болно. Иймээс нэрийн хуудсыг стратегийн нууц зэвсэг гэлцдэг нь оргүй үг биш юм. Таны бизнес өсөн дэвжиж, танилын хүрээ тань тэлэх учир түүнийг хадгалан хямгадах хэрэггүй. Та юу хийдэг вэ? гэсэн асуултын хариулт үргэлж таны халаасанд байх ёстой хэмээн Амжилтын хуулиуд номонд бичжээ.

Нэрийн хуудас ямар байх ёстой вэ?

Нэрийн хуудасны сонгодог хувилбар нь нягтрал сайтай, цайвар өнгийн цаасан дээр хар өнгийн ёсорхуу бичиглэлтэй байна.

Ажил хэрэгч эрэгтэй хүний нэрийн хуудас 5x9 см, эмэгтэйнх 4x8 см-ийн харьцаатай тэгш өнцөгт хэлбэртэй байдаг. Сүүлийн үед дундуураа нугалдаг, цээж зурагтай нэрийн хуудас хийх болсон нь тийм ч зохистой үзэгдэл бус юм.

Нэрийн хуудсыг хоёр талдаа бичиглэлтэй хийх нь түгээмэл. Гэхдээ нэг талдаа бичиглэлтэй нэрийн хуудасны давуу тал нь эсрэг талд нь шаардлагатай нэмэлт тэмдэглэл хийх боломжтой.

Гадаадад томилолтоор явахдаа тухайн орны хэл дээр бичигдсэн нэрийн хуудсыг хэрэглэвэл тохиромжтой.

Нэрийн хуудаснаас тухайн хүний овог нэр, албан тушаал,  шуудангийн хаяг, утас, факс, телекс, е-майл зэрэг бүх мэдээллийг товчхон авах боломжтой.

Гэрийн утасны дугаарыг нэрийн хуудсанд тавьдаггүй. Шаардлагатай бол гараар бичээд өгч болно. 

Нэрийн хуудасны хэлбэрүүд  

Стандартын нэрийн хуудас: Анх танилцах үедээ солилцоно. Овог нэрийг томоор, албан тушаал, хаяг, утас, факсын дугаар зэргийг жижиг үсгээр бичсэн байна.

Танилцуулах болон тусгай зориулалтын нэрийн хуудас: Эртний сайн түншүүддээ гардуулдаг. Ийм нэрийн хуудсыг  бэлэг дурсгалын зүйлийг дагуулан илгээх нь бий.

Пүүс, компаний нэрийн хуудас: Компаний нэрийн өмнөөс бусад албан газар, нэр хүндтэй хүмүүст баяр хүргэхэд хэрэглэдэг. Энэ нь компаний үйл ажиллагаа, хөгжил, байршлыг харуулсан зураг, тайлбартай олон нугалбар бүхий танилцуулга юм.

Төлөөллийн нэрийн хуудас: Үүн дээр хүний овог нэр, компаний нэр, албан тушаал бичигддэг боловч ямар ч хаяг, утасны дугаар тавигддаггүй. Уг нэрийн хуудсыг танилцах уулзалт, тусгай арга хэмжээний үеэр хэрэглэх бөгөөд энэ нь харьцаа холбоогоо цааш үргэлжлүүлэх санаа шууд агуулаагүй гэсэн утгыг илэрхийлнэ.

Гэр бүлийн нэрийн хуудас: Уг хуудсыг албан бус хэлбэрээр ашиглах бөгөөд түүн дээр эхнэр нөхрийн (эхлээд эхнэрийн)овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар бичигдэнэ. Үүнийг хурим найр болон бэлэг гардуулах үед дагалдуулан өгдөг.  

Нэрийн хуудсыг хэрхэн солилцох вэ?

Нэрийн хуудас солилцох үед ялимгүй мэхийж нөгөө хүнээ хүндэтгэн, баруун гараар өгнө.

Нэрийн хуудсыг авсан хүн  эхэлж уншаад,  дараа нь уулзаж буй хүнийхээ нэрийг зөв хэлэхийн тулд уншиж сонсгох хэрэгтэй.

Албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үеэр нэрийн хуудсыг цэцгийн баглааны хамт өгч болно.

Албан тушаал, цол хэргэм доогуур, нас залуу хүн эхэлж нэрийн хуудсаа өгнө.

Компани, албан газарт ирж буй хүн нэрийн хуудсаа тухайн байгууллагын нарийн бичгийн даргад өгдөг журамтай. Тэр таны нэрийн хуудсыг удирдлагадаа дамжуулж, хүсэлтийг тань уламжилна. Нэрийн хуудсаа зөв зохистой гардуулж чадвал ямар ч өндөр албан тушаалтан, завгүй гэх нэгний хаалга таны өмнө цэлийтэл нээгдэх болно.

Нэрийн хуудсаа гардуулахын өмнө шаардлагатай тохиолдолд соёлт ертөнцийнхний хаана ч ойлгогддог олон улсын түгээмэл бичиглэлийг хуудасны зүүн доод буланд үзэг, харандаагаар бичиж өгч болно. Үүнд,

P.r - Талархлаа илэрхийлэх

P.f - Баяр хүргэх

P.f. N.A - Шинэ жилийн мэнд хүргэх

P.P.c - Салах ёс гүйцэтгэх

P.c - Эмгэнэл илэрхийлэх зэрэг болно.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax