P2010-01-10 - Кино урлаг

Хүн төрөлхтөний техникийн хөгжил сүүлийн зуун жилд санаанд оромгүйгээр хурдацтай хөгжсөн бөгөөд хүн бүрийг байлдан дагуулсан нилээн том ололт нь кино урлаг юм. Кино урлаг үүссэний дараагаар телевизор бүтээгдэж улам эрч хүчээ аван хөгжсөн байна. Сүүлийн хагас зуун жил кино урлагыг бид шимтэн үзэж сонирхож байгаа боловч хүн бүрийн чөлөөт цагаараа хийх дуртай зүйлийн нэг яахын аргагүй мөн хэвээрээ байсаар байна. Кино урлаг хёр төрлөөр хөгжиж иржээ.

1.    Коммершил

2.   Арт /андарграунд/

Хүний хэрэгцээнд тохирсон эсвэл олон нийтэд түгээмэл хэрэглэгдэх болсон зүйлийг дагаад шинэ ажлын байр шинэ ашиг сонирхол бий болдог. Зах зээлийн нийгэмд хүч түрэн орж ирсэн зүйлийн нэг нь шоу бизнес байсан ба тэр дундаа сая сая доллар  олж болох салбар нь дэлгэцийн кино бүтээх байж.  Коммершил буюу яг энэ төрөлд хамаарагдах кино нь бидний өдөр тутам үздэг хүний амьдрал адал явдал гээд бүх зүйлийг үзүүлдэг ашиг олох сонирхолын үүднээс бүтээгдсэн киног хэлдэг байна. Харин Арт /андарграунд/ гэдэг нь Коммершил киноноос эсрэгээрээ ашиг олхоосоо илүү кино уран бүтээлчийн сэтгэлгээ, олон нийтэд юуг илэрхийлэх санаатай байгаагаа хааж нуулгүйгээр ямар нэгэн хэм хэмжээнд баригдалгүйгээр хүргэх зорилготой бүтээгдсэн дэлгэцийн бүтээл байдаг. Гадаад улс орнуудад ялангуяа АНУ-д кино урлаг нь харьцангүй эрт хөгжиж бараг 90 гаруй жил болж байгаа бол Монголд кино урлаг хөгжөөд 70-аад жил болж байна. Монгол дахь кино урлагийн хөгжлийн энэ цаг үе нь социалист нийгэм байсан тул тэр үеийн кино нь нам төр засгийг магтсан, намын үзэл суртал болоод өнгөрсөн цагийн үзэл санаанд, залуучууд шинэ үеийнхэндээ шүүмжлэлтэй хандсан кино нилээдгүй хийгдэж байжээ. Мөн хийгдэж буй уран бүтээлүүдэд хатуу хяналт тавьж дэлгэцийн бүтээл болж тавигдах үгүйг төр засгаас шийддэг байсан. Хэдий тийм боловч баримтат болон уран сайхны кинонуудыг Ардчилсан хувьсгал 90-ээд онд гарсанаараа Монголын кино уран бүтээлийн зогсолтын үе эхэлсэн гэж хэлж болно. Парламентын засаглалд шилжээд удаагүй Монголын нийгмийн байдал, ард түмний сэтгэл санаанд нөлөөлж дарамт учруулж байсан нь тэр үед хийгдсэн  кинонуудаас харж болно. Жишээ нь: Алт амилах цаг, Жинжиймаа, Ядуугийн зовлон

Ардчилсан хувьсгалаас өмнөх, ардчилсан хувьсгалаас хойш арван жил буюу 2002 он хүртэл харин дараагийн үе нь 2002 оноос өнөөг хүртлэх цаг үе багтна гэж гурав хуваан үзэж болох талтай. Шинэ үеийн кинонуудын өнгө аяс залуучууд руу чиглэсэн хөгжилтэй инээдмийн, хайр дурлалыг гол сэдвээ болгох болсон. Олон уран бүтээлчид найруулагчид, кино дэлгэцийн одууд яг энэ үеийг Монголын кино урлагийн дахин сэргэлтийн үе гэж тодотгож шинэ кино дэлгэцэнд тавигдах бүрт баярлаж байгаагаа дахин дахин илэрхийлж байгаа билээ. Мэдээж хэрэг ойрын хэдэн жилд залуучуудад зориулсан хайр дурлал, залуу насны эрч хүчийг мэдрүүлсэн олон сайхан кино ард түмэнд хүрч байгаа нь сайшаалтай сайхан явдал хэдий ч сайны хажуугаар саар гэгчээр шүүмжлэлтэй хандах зүйл хэд хэд гарч ирж байгаа билээ.

Дээр дурдсан дэлхийд кино урлагийн хөгжсөн хоёр салаа замын нэг болох коммершил кинонд монголын шинэ үеийн бараг бүх кино багтна. Үүнд:

Элсний нүүдэл-1,2                       Ийм нэгэн дурлал-1,2

Сайн уу амьдрал минь                  Надтай гэрлээч

Аз жаргал the bad boy                  Мөрөөдлийн хөлөг онгоц

Халуун сэтгэл                           Боолын гэрээ

2 өдөр 3 шөнө                         Чингис хаан үхэж үл болно

Зөрлөг                                  Орхидос

Шүрэн бугуйвч                         Миний хөрш чөтгөр

Буруу эргэлт                            Сая километр

Сүүлчийн бүжиг                        Шидэт өвөл

Чи итгэхгүй л дээ                       Дуралсаны маргааш

Хана-1,2                                 Мойлхон

Монголд Тэнгис, Соёмбо гэх мэт дажгүй сайн тохижилттой кино театрууд нээгдэж гадаад кино гаргаж чамалхааргүй их орлого олох болсон нь кино урлагийн дахин сэргэлтийн үеийг эхлэхэд нөлөөлсөн төдийгүй Монголын зах зээлд өөрийн гэсэн тодорхой байр сууриа эзэлсэн их мөнгөний бизнес болж чаджээ. Энэ нь сүүлийн үед олноор гарах болсон кинонуудын гол шалтгаануудын нэг юм. Шинэ гарсан кинонууд дотор сайн кино байгаа ч зөвхөн ашиг орлого олох гэсэн кино байгаа нь дунд сургуулийн хүүхэд үзээд анзаархаар илэрхий байна. Жишээ нь: дэлгэцэнд гараад нилээдгүй ашиг орлого олсон кино болох “Элсний нүүдэл-1,2”, “Шүрэн бугуйвч” гэх мэт дэлгэцийн бүтээлүүд нь найруулга, зохиолын хувьд нилээд ойлгомжгүй болсон байдаг. Мөн бодит байдалтай нийцээгүй гайхашралд оруулмаар зүйлүүд ч ажиглагдна. “Шүрэн бугуйвч” киноны гол дүрийн эмэгтэй өндөр өсгийтэй гутал, хуримын хувцастай нийслэл хотын төвөөс “Чингэс хаан” нисэх онгоцны буудал хүртэл гүйдэг үзэгдэл байдаг. Мөн олны дургүйцлыг хүргэсэн зүйлд нь гадаадын эрлийз залууг энэ кинонд тоглуулсан явдал юм.

Мөн “Элсний нүүдэл” киноны нэгдүгээр ангийн хувьд зохиол нь тийм байсан уу? Аль эсвэл цаг тухай бүрт нь зохиож зураг авалтыг нь хийж байсан уу? Үйл явдал нь ямар нэгэн авцалдаа холбоо гэхээсээ илүү гэнэтийн үйл явдлаар дүүрэн байх жишээтэй. Мөн киноны зохиолыг Балдорж бичсэн гэж танилцуулагдаж байсан нь хачирхалтай хэрэг юм. Киноны үйл явдал Мөрдэндэвийн Ядамсүрэнгийн “Гурван хүүхэн” (1937он) туужтай нилээд адилхан байсан ба хуулбарласан юм болов уу гэсэн сэжиг төрүүлсэн. Аливаа улс үндэстэн бүр урлагийн бүтээлийг туурвихдаа үндэсний онцлог чанарыг шингээсэн байхыг хичээдэг. Жишээ нь: Боливууд гэж нэрлэж заншсан Энэтхэгийн кинонууд нь жинхэнэ утгаараа үндэсний өвөрмөц төрхийг харуулсан киног хийдэг. Монголын залуучууд маань Солонгос кинонд амь тавих шахан хошуурах болсон энэ цагт бас нэгэн кино нь солонгосын ямар нэгэн кино зохиолыг дуурайсан гэлтэй. “Шүрэн бугуйвч” гэх энэ кино нь Солонгосын олон ангит киноны жишиг болох баян ядуу гэр бүлийн хоёр залуу шүрэн бугуйвчаа хаясан нэгэн охинд хоёулаа хайртай болж хамаг үйл явдал өрнөл нь эхэлдэг байна. Бас нэгэн тохиолдол бол “Зөрлөг” уран сайхны кино юм.

Монголд киногоо олон нийтэд сурталчилах билетээ борлуулалт сайтай болгох үндсэн хоёр аргыг хэрэглэж байгаа бөгөөд хамгийн сайн арга нь шинэ кино бусад киноноос илүү сайн дуутай байх явдал юм. Хаана ч гэсэн телевиз FM-ээр ямар нэгэн киноны sound track гэсэн тодотголтой дуунууд бидний сонсох дуртай дуунуудын нэг болтол нь тогтмол цагт цацаж киногоо сурталчилах нь ёс юм шиг л байх болсон. Энэ нь муу киног хамгаалсан хуяг дуулга гэлтэй. Уг хуяг дуулгыг өмссөн кино бол дэлгэцнээ шинээр гарж эхлээд удаагүй байгаа “Миний хөрш чөтгөр” уран сайхны кино төдийгүй бараг бүх кино багтана. “Миний хөрш чөтгөр” уран сайхны кинонд хоёр хөрш нэг нэгэндээ дургүй бөгөөд нэг нэгнийгээ чадах гэсэн оролдлого бүртээ дотносож байгаагаа мэдэж бие биендээ хайртай болдог. Кино зохиол хуулбарлахаа болихгүй л бол гадны хүн ирж үзээд доог тохуу хийх вий.

Урлаг гэдэг хүний сэтгэл оюуныг хааш нь ч хөтөлж мэдэх хүчирхэг илэрхийлэмж, тэр дундаа өргөн дэлгэцийн кино нь хамгийн хүчтэйд тооцогдоно. Иймээс өргөн дэлгэцэн дээр хүүхэд залуучуудад ямар үлгэр дууриал үзүүлэх бүтээл гаргаж байгаагаа сайн бодох хэрэгтэй болжээ. Өргөн дэлгэцийн бүтээлийн гол сонирхогчид нь хүүхэд залуучууд байдгаас буруу үлгэр дууриал авсан залуучууд мэр сэр байгаагийн нэг нь гэхэд “Би хайртай бүсгүйдээ таалагдахын тулд, өөртөө дурлуулахын тулд өвдөх ёстой юу?” гэсэн асуултыг учир мэдэх хүмүүсээс асуугаад сууж байх жишээтэй. Кино урлагт бас нэг ангилал байдаг нь шүүмжлэлийн сэдэвтэй өргөн дэлгэцийн бүтээлийг

Ийм байгаасай

Битгий ийм байгаасай

гэж ангилж болдог байна. Ийм байгаасай буюу бидний эргэн тойронд байгаа муу муухайг яг ийм л сайхан байгаасай гэсэн үүднээс хийсэн кинонууд нь энэ төрөлдөө ордог. Солонгос гэр бүл салалтын хувьд нилээд ихтэй орон тул үнэнч хайрын тухай (эх орны минь залуучуудад өөрийн орны бодит байдлыг хүргэхгүйгээр дандаа сайн сайхан байдаг мэт ойлголт өгч байгаа нь олон залуучууд хүүхдүүдийг Монгол ёс заншил, Монгол сэтгэлгээнээс холдуулж байна) кино хийх нь элбэг. Харин битгий тийм байгаасай гэсэн үзэл санааг илэрхийлсэн Монголын өргөн дэлгэцийн бүтээл нь  ардчилсан хувьсгалаас 2000 оны хүртлэх үед хамаарна.             

Аливаа кино хэрхэн төгсөх нь кино шүүмжлэгч, үзэгч олны үнэлэмжид ихээхэн нөлөөлдөг. Энэхүү урлаг үүсэж хөгжих явцдаа

Төгс төгсгөл

Үргэлжлэлтэй төгсгөл /төсөөлөлтэй/

Эмгэнэлт

гэсэн төгсгөлүүдийг бий болгосон байна. Монголд хийгддэг өргөн дэлгэцийн бүтээлүүд ихэнхдээ төгс төгсгөлүүдтэй байдаг. Сүүлийн үед гарсан кинонууд ч гэсэн төгс төгсгөлийг хийсэн байна. Төгс төгсгөл гэдэг нь киноны бүх өрнөл үйл явдлууд дуусаж бүх зүйл сайн сайхнаар төгсөхийг хэлнэ. Харин үргэлжлэлтэй төгсгөл нь гол үйл явдал нэгэнт дууссан ч цааш үргэлжлэх болотжтойгоор төгсөх үргэлжлүүлэн төсөөлөн бодож өрнөл бий болгох боломжтойгоор төгсгөсөн байдаг. Эмгэнэлт төгсгөлийн хувьд ойлгомжтой зүйл гэж илтгэгч миний бие бодож байна. Манай кино бүтээгчдийн ганц хийж чаддагүй төгсгөл бол үргэлжлэлтэй төгсгөл юм. Үргэлжлэлтэй буюу төсөөлөлтэй төгсгөл нь үзэгчдэд төсөөлөх чадвар шинэ сэдэл санааг өгдөг сайн талтай юм.          

Мэдээж хэрэг дандаа муу кино хийгээд байхгүй. Монголд, залуучуудад тулгардаг бэрхшээл бас дутагдалтай шүүмжилмээр зүйлүүдийг илэрхийлсэн кино бүтээл байгаа. “Сайн уу амьдрал минь”, “Орхидос”, “Буруу эргэлт”, “Надтай гэрлээч”, “Аз жаргал the bad boy” зэрэг эдгээр кинонууд нь эмгэнэлтэй зүрх шимшрүүлэм бас хөгжилтэй сургамж агуулсан нь хэдхэн жишээнээс харагдаж байна: Надтай гэрлээч кино орчин үед залуучууд биенийгээ уучлах сэтгэлийн тухай шүүмжтэй хандсан хөгжилтэй үйл явдал өрнөлтэй бүтээл болж чадсан. Орхидос уран сайхны кино нь эр хүний бодлогогүй гуравхан минутын жаргалаас хичнээн эмэгтэй хүний амьдрал хичнээн жилийн зовлон болдогийг харуулсан байна. Бодлогогүй нэгхэн буруу үйлдлээс болж найз нөхөд амьдрал яаж үрэгдэж болохыг илэрхийлсэн сургамжтай кино бол Буруу эргэлт уран сайхны кино юм. Өөрийн хөдөлмөр, шудрага замаар сайхан амьдралыг бий болгохыг уриалсан кино бүтээл яахын аргагүй Болын гэрээ юм.

 

АНУ дэлхийн 2-р дайны дараа ард олныхоо сэтгэл санааг дээшлүүлэх зорилготойгоор олон ангит киног төрийн бодлоготоо багтааж байсан түүх ч бий. Зах зээлийн өнөөгийн нийгэмд ашиг сонирхол гэдэг зүйл дээгүүрт тавигдах хэдий ч ард түмэндээ чанартай зөв утга санаа бүхий сайн кино хүргэх нь уран бүтээлч хүний зорилго байх ёстой гэж илтгэгч миний бие үзэж байна. Ямар нэг улсын кино зохиолыг хуулбарлахаас илүү үндэсний онцлогыг илэрхийлсэн сайхан киног бид яагаад хийж болохгүй гэж. Залуучууд харин ч дэмжиж үзэх байх бас чамгүй ашиг олно гэдэгт итгэж байна.

Бас нэгэн зүйлийг нэмэн хэлхэд Монгол залуучууд хүүхдүүд Монголоороо үлдэх үгүйг савангийн дуурь шийдэх болчихоод байна уу даа гэсэн хар буугаад илтгэгч миний бие маш их зовниж байгаагаа хэлэх нь зүтэй байх. Сүүлийн жишээнээс харахад Монгол охид маань “Эхнэрийн урхи” гээч олон ангит киног үзэж гол дүр болох Сувагаас үлгэр аван үсээ тайрч тэрхүү кинотойгоо ижилсэж байгаа нь сэтгэл зовних шалтгааныг төрүүлэх өчүүхэн нэг хэсэг нь юм. Залуучууд хүүхдүүдийн сэтгэл зүйд Солонгосын олон ангит кинонууд хэрхэн нөлөөлж буй нь төрийн дээд тушаалтан, урлаг соёлынхны анхаарлыг одоохондоо төдийлөн татаагүй байгаа ч ирээдүйд ямар уршиг тарихыг би хэлж мэдэхгүй байна. Охид хөвгүүд маань гадна төрхөө хичнээн ч өөрчилж болох юм. Яагаад гэвэл бид эрх чөлөөт оронд амьдарч байгаа, энэ бол таны эрх. Гэхдээ эдгээр охид хөвгүүд гадна төрхөө хичнээн өөрчилсөн ч дотоод сэтгэл нь Бөртэ үжин, Мандухай сэцэн хатан, Данзанравжаа, Ренчиний Чойном байгаасай гэж илтгэгч миний бие ахархан оюундаа гэгээлэг бодол тээж явна.

Ямартаа ч кино урлаг хүний амьдралд аль хэдийнээ байр сууриа эзэлж сэтгэл санааны, сэтгэлгээний боловсролд хүчтэй нөлөөлөх урлагийн салбарын хүчирхэг зэвсэг болж чаджээ. Монголын кино урлагийн түүхийн дахин сэргэлтийн үеийн эдгээр кинонд сайнтай муутай олон зүйл байгаа ч яавч хойш ухраагүй харин ч хөгжиж дэвшсээр байгаа гэдэгт та санал нэгдэх бизээ.   


 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2013-02-06 -

Бичсэн: Зочин
Золбоо ахаа Киноны талаарх мэдээллийг хаанаас авсан юм бээээ?
Бичлэг

P2013-02-06 -

Бичсэн: Зочин
чьрис
Бичлэг



:-)
 
xaax